Суралцахад суралцах

Чухлыг нь эхэнд нь

Бүгд ямар нэгэн зүйл суралцаж мэдлэгээ дээшлүүлэхийг хүсдэг. Тэгээд суралцах гэж байгаа зүйлээ шууд бариад авдаг. Мэдээж шууд бариад авах нь хамгийн ажил хэрэгч зүйл боловч яаж үр дүнтэй суралцах вэ гэдгийг суралцах нь түүнээс илүү чухал.

1. Парэтогийн 80:20-ийн зарчим

snail

Та энэ хэсгийг уншиж эхлээсээ өмнө шууд үгээ цээжилж эхэлсэн бол нэг үг чинь маш олон утгатай биздээ? Яагаад нэгхэн утгатай байгаа юм бэ? гэж асуух байх. Жишээ авч үзье. Англи хэлийг гүйцэт сайн сурна гэж төлөвлөөд толь бичгээс харсан үг тус бүрийнх нь тав таван утгыг үгийн үүсэл гарал, нутаг нутгийн аялга гэх мэтчилэн суралцвал маш их хугацаа зарцуулахаас гадна өгөөжгүй. Харин хамгийн түгээмэл хэрэглэгддэг 20 хувийг нь түрүүлээд суралцвал хүсэж байгаа үр дүнгийнхээ 80 хувийг гүйцэлдүүлдэг гэсэн зарчим юм. Тиймээс нэн түрүүнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг утгыг, харин дараа нь дэлгэрүүлэн судлах хэрэгтэй.

2. Урт, богино хугацааны санах ой

memory

Төмс, Уул, Галуу, Шаргуу, Наймаалж, Шумбагч, Туршилт, Чулуу. Одоо нүдээ аниад хэдэн үгийг нь цээжээр хэлж чадаж байна. Хүн нэг удаадаа богино хугацааны ой санамждаа дөрвөөс ихгүй мэдээлэл хадгалдаг. Мэдээж урт хугацааны санах ойдоо хадгалахын тулд олон дахин давтах хэрэгтэй. Нэг удаа уншаад л давтахгүй орхивол 1 цагийн дараа 50%, 24 цагийн дараа 70%, 7 хоногийн дараа 90% нь мартагддаг. Тэгвэл яаж давтах вэ гэж үү? доош үргэлжлүүлээд уншаад байгаарай.

3. Урамшуулал

memory

Дотоод

Энийг хийлээ гээд хэн ч таныг магтахгүй, хэн нэгэн танд юу ч өгөхгүй байсан ч та өөрийн гэсэн бодол, хүсэл эрмэлзэлтэй учраас юу хийх, юу сурахаа мэддэг. Сурсан зүйлсээрээ өөртөө болоод бусдад аз жаргал бэлэглэж чадна гэсэн няцашгүй урам зориг. Тиймээс аливаа зүйлсийг хийж эхлэхдээ ийм хүсэл зоригыг өөртөө заавал бий болгоорой. Жишээ: Намайг хэн ч шахаагүй тэгэхдээ би гитар тоглох дуртай. Хөгжмийн уянгалаг аялгууг сонсох дуртай болохоор би өдөрт 4 цаг хөгжим тоглож ур чадвараа дээшлүүлдэг гэх мэт.

Гадаад

Аливаа зүйлийг сайн эзэмшинэ гэдэг бол гарцаагүй урт аян. Ийн уртын аянд гарсан хүн зам зуур олон сайн, муу, няцаж, цуцах асуулдалтай чамгүй тулгарах нь зайлшгүй учраас угтаж бэлтгэх хэрэгтэй. Жишээ: Яг одоо тулгараад байгаа асуудал, хичээл, дасгал, үг цээжлэх гэх мэт зүйлсээ хийх дур чинь төрөхгүй, хойш тавиад байвал өөрийн ойр дотны хүмүүсийг татан оролцуулаад, ингэж хэлээрэй "Хэрвээ би эдгээрийг маргааш эсвэл тодорхой цагийн дотор хийж дуусгахгүй бол танд өөртөө байгаа тэдэн төгрөгөө өгье эсвэл ийм тийм гэрийн ажлыг хийе" гэх мэт дуртай эсвэл байгаа зүйлсээсээ татгалзах тохиролцоо хийгээрэй. Үүнд ирээдүйд авахаар тохирсон бэлэгнээсээ татгалзах гэх зэрэгээр өөрийгөө хурцлаарай. Ингэж чадна биздээ? Та чадна аа!

4. Ухаалаг (SMART) төлөвлөгөө

memory

Specific | Тодорхой

Суралцах төлөвлөгөөгөө гаргахдаа юу сурах гэж байгаагаа тодорхой төлөвлөх хэрэгтэй. Жишээ: Хагас жилийн дотор 1500 үг цээжлэх.

Measurable | Хэмжихүйц

Өдөр тутамдаа төлөвлөгөөгөө хэр хугацаатай хийвэл, нийт хугацааны дараа төлөвлөгөөндөө хүрсэн гэдгээ нотлож болохуйц хэмжүүртэй болох. Жишээ: Нэгэнт дээрх жишээ дээр маш тодорхой 1500 үг гэсэн зорилго тавьсан учраас 6 сарын дараа 1500 гэсэн хэмжүүрээр л хэмжинэ.

Achievable | Давахуйц

Өөрийнхөө хэр хэмжээнд таарсан давахуйц төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Хүмүүс ихэвчлэн өөрийнхөө давж чадахуйцаас өндөр, хүрэшгүй зорилго тавьдагаас болж шантарч дахин өндийх хүсэлгүй болдог. Жишээ: Өдөр бүр 100 үг гэж цээжлэнэ гэж төлөвлөвөл зарим өдөр чадсан ч зарим өдөр хийж чадахгүй байсаар өөрийнхөө давагдашгүй төлөвлөгөөнийхөө боол болж хувирдаг. Эцэст өөртөө би чадахгүй юм байна гэсэн далд ухамсар суулгаж орхино.

Relevant | Хамааралтай

Юу сурч, юу хийхийг хүсэж байгаа гэнээ? Тэгвэл тэр хүсэж байгаа, хийхийг мөрөөдөл байгаа зүйлстэйгээ хамааралтай, холбоотой зүйлсүүдээр өөрийнгөө хүрээл. Англи хэл сурахаар хичээллэж байгаа мөртлөө хятад хэлээр кино үзэж, солонгос дуу сонсох хэрэггүй.

Time-bound | Цаг-хугацаатай

Төлөвлөсөн зорилго тань ямар цаг хугацааны дараа дуусах вэ? гэдгээ тооцоолох хэрэгтэй. Хийж л байхад хэзээ нэгэн цагт болох л байлгүй дээ гэж хэзээ ч битгий бодоорой.

Зөвхөн хэл сурах биш амьдралынхаа шийдвэр болгонд энэ ухаалаг төлөвлөгөөг ашиглаарай.

5. Гүн төвлөрөх

deep work

Гүн төвлөрөх орчин бүрдүүлэх

Гэртээ хичээлээ хийх гэж байгаа бол зурагтын дуу сонсогдсон эсвэл зурагт руу чиглэсэн ширээнд суух гэх мэт гүн төвлөрөхөд саад болж болзошгүй нөхцөлүүдийг арилгах хэрэгтэй.

Хэр хугацаатай хийх вэ?

Хэдэн минутын турш анхаарлаа сатааруулахгүй хичээллэж чадах вэ? гэдгээ өөрөө тодорхойлоод, энэхүү цагтаа хийж байгаа зүйлсээсээ өөр ямар ч зүйлд анхаарлаа хандуулахгүй байж сурах хэрэгтэй.

Жишээ нь: 25 минут анхаарлаа бүрэн хандуулна гэж шийдсэн бол энэ цагаа дуусах хүртлээ босож цай уух, хүнтэй юм ярих гэх мэт өөр зүйлс огт хийлгүй ажлаа хийж дуусгаад 5 - 10 минут завсарлаад юм идэх зэрэг зүйлсээ хийгээд буцаад ажилдаа ороорой. За ингээд тогтоосон 25 минутаа хэд хэдэн удаа давтах хэрэгтэй.

Доорх холбоосноос UNLOCK подкастын Гүн анхаарал төвлөрүүлэх талаар уншсан дугаарыг сонсохыг санал болгож байна.

#UNLOCK 56: Анхаарлаа гүн төвлөрүүлж ажиллахын ҮР АШИГ